BizNetwork 

танилууддаа түгээх
ЭССЭ PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2011 оны 7-р сарын 02, Бямба гариг, 11:16

Дархан-Уул аймаг дахь шүүхүүдийн дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс зохион байгуулсан “Шинэ шүүх-шинэчлэгдсэн шүүгч миний нүдээр” сэдэвт “ЭССЭ” бичлэгийн уралдаанд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд амжилттай оролцлоо.

Шүүгчийн туслах Д.Элбэгзаяа

“Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү”

1.Удиртгал
Өнөөдөр дэлхий даяр интеграц, глобалчлалыг ярьж, нэгдэн нягтархын хирээр  манай улс ч энэ инерцээс холдож үлдсэнгүй,нийгмийн бүхий л дэвшил мэдээлэл, үйлдвэрлэлийн ололтыг нэвтрүүлж байна.Хууль эрх зүйн  салбарт ч социалист эрх зүйн тогтолцооны үед үүссэн хоцрогдлыг даван туулалын тулд эрх зүйн шинэчлэл хйиж, бусад улсаас тодорхой эрх зүйн зохицуулалт, тогтолцоог рецепчилж авсны үр дүнд бид хүний эрхийг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчин, механизмыг тодорхой хэмжээгээр бүрдүүлж  байна. Үүний нэг жишээ бол иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагаас гаргасан захиргааны  актыг хууль  буё гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулхаар гаргасан захиргааны  гомдол, нэхэмжлэлийг хянан  шийдвэрлэх дагнасан  шүүхийг байгуулсан  явдал билээ. Эрх зүйн  хүрээнд  хийгдсэн шинэчлэлүүдээс захиргааны  хэргийн дагнасан шүүхийг байгуулсан  явдлыг онцлох  болсон шалтгаан бол хууль, эрх зүйн  шинэчлэлээс илүү нийгэмд ойр байж  эрх зүйн үйлчилгээг үзүүлдэг  шүүхийн үйл ажиллагааг төрөлжүүлэх, иргэдэд зардал багатайгаар хүртээмжтэй  хүргэх  асуудлын эхлэл  болсонд оршино. Шүүхйин эрх мэдлийн төрөлжүүлсэн, дагнасан бүтцээр байгуулсаны  үр дүнд л  цаасан дээр тунхагласан эрх зүйн  шинэчлэлийг  амьдралд буулгах  боломжтой юм.
2.Дагнасан шүүхийн талаар.
Нийгмийн харилцаа хором , секундээр хөгжих тусам хууль, эрх зүйн илүү нарийн зохицуулалт, мэргэшил шаардаж байгаа учир дэлхийн улс орнуудад  эрүү, иргэний хэргийг зэрэг шийддэг универсаль системээс татгалзан салбар  эрх зүй болгоноор дагнан ажиллаж байна. Үүнийг даган шүүхийн тогтолцоо дагнасан, төрөлжсөн  хэв шинжийг  агуулж, эрүүгийн иргэний ,худалдааны , санхүүгийн , гэр бүлийн ,эвлэрлийн , цэргийн ,насанд хүрээгүйчүүдийн, захиргааны , татварын , хөдөлмөрийн ,даатгалын  гэх мэтээр маргаантай эрх зүйн  харилцааны төрлөөр дагнасан  шүүхийг  байгуулж, мэргэшсэн шүүгчийг ажиллуулах болжээ.
Монгол улсын хувьд дагнасан шүүхийг байгуулахдаа маргааны төрөл,гаралт, өсөлт,нийгмийн шаардлагыг харгалзан  байршил, хамрах тойргийг зөв тодорхойлох нь зүйтэй .Өдгөөгийн эрүүү, иргэний хэргийг зэрэг шийддэг  ерөнхий  харъялал  шүүхийг  төрөлжүүлснээр  шүүгч  мэргэших , хэргийг хүрдан шуурхай  шийдэх боломжууд өсөхөөсөө илүүтэйгээр нийгэмд, тэр тусмаа хэргийн оролцогчдод  шүүх ойртох алхам болж өгнө.
2.1 гэр бүлийн шүүх
Статистик мэдээнээс харахад шүүхээр  шийдвэрлэсэн  гэр бүлийн  маргаантай 3244  хэргээс шүүх 2579 хэрэгт буюу 79 хувд  нь гэрлэлтийг  цуцалжээ.Эдгээр гэр бүлийн цаана хүүндийн эрх ашиг ямар нэг хэмжээгээр хохирч байдаг тул  энэ төрлийн маргаан дээр эвлэрүүлэх асуудлыг онцгойлон  авч  үзэх ёстой гэж үзэж байгаа ажээ. Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэхээр авч буй арга хэмжээг идэвхжүүлэх чухал институт бол гэр бүлийн талаар дагнан мэргэшсэн  шинжээч , сэтгэл зүйч, зуучлагч, мэргэжилтний  шүүхийн  системд бий болгох. Мэдээж хэрэг бүх шүүхүүд гэр бүлийн мэргэжилтэнтэй байх боломжгүй учир  зайлшгүй  гэр бүлийн дагнасан  шүүхйиг бий болгох, гэр бүлийн мэргэжилтэ, энэ  талаар дагнан  мэргэшсэн  шүүгч бүхий нэгдмэл  тогтолцоог босгох шаардлагтай . Энэ  бол зөвхөн нэг талаасаа.
Нөгөө талаасаа нэг тогтолцооноос нөгөө  тогтолцоонд  шилжиж хараахан дуусаагүй  энэ үед гарсан гэр бүлийн хямралыг даван туулахын тулд гэр бүлийн  шүүх  байгуулах цаг байгуулах цаг нь болоод  байна. Ерөнхий  харъяаллын шүүх гэр бүлийн   маргаантай хэргийн 79 хувд  нь гэрлэлт цуцлаж байгаа явдал  нь нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц байна.Өндөр хурдтайгаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэж байгаа нь эргээд  гэрлэгчдийг эвлэрүүлэх идэвхтэй арга  хэмжээ авдаггүй, энэ талаар дагнасан мэргэжилтэн  байдаггүй  одоогийн шүүхий тогтолцоотой холбоотой. Гэр бүл гэсэн хоёрхон үгийн цаана  нийгэм, улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрх ашиг бүхэлдээ багтдаг тул  гэр бүлийн тогтвортой  байдлыг  хангахын  тулд түүнтэй холбоотой нэхэмжлэл, маргааныг  зөвхөн  хүүль  зүйн үүднээс  биш нийгмийн, сэтгэл зүйн, хүмүүжлийн  талаас нь мэдэрч  шийдвэрлэх амьдарлын шаардлага урган гарч ирж байна.
Нэгтгэвэл:
Нийгмийн тулгуур нэгж болсон  гэр бүлийн асуудлыг  нарийн  мэргэшлийн үндсэн дээр шийдвэрлэдэг шүүгч. Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэхээр авсан  арга  хэмжээг үр дүнд хүргэхийн  тулд  бүх талын арга  хэмжээг  авдаг идэвхтэй зуучлагч  бүхий  гэр бүлийн шүүх  байгуулах  шаардлага өнөөгийн  нийгэмд гарч ирсэн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүйчүүдийн шүүх
Насанд  хүрээгүйчүүдийн  шүүх
Шүүхийн тогтолцоонд насанд хүрээгүйчдийн шүүх  байгуулах  тэдний  сэтгэл зүйн онцло, хүмүүжил, төлөвшил, тэдгээрийн  эрхийг хангахтай холбоотой байдаг.
Дэлхийн ихэнх улс  дээрх онцлог байдлыг харгалзан  хүүхдийн  эрхийг хамгаалах үүднээс насанд хүрээгүй этгээдтэй холбоотой  хэрэг маргааныг  шийдвэрлэдэг дагнасан шүүхйиг байгуулаад байна.Ийм шүүх байгуулснаар  ерөнхий харъяалын шүүхээс илүүтэйгээр  гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн болон  гэмт  хэргийн улмаас хохирсон насанд хүрээгүй хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхолыг хангах, хамгаалах, хүүхэдтэй  хүнлэг ёсоор харилцах , гэмт хэрэгт  холбогдсон  хүүхдийн  хэргийг шийдвэрлэхдээ хувийн байдал, гэмт хэргийн онцлог  бүрт тохирсон байдлаар шийдвэрлэж, насанд хүрээгүй хүүхдэд ял шийтгэл цээрлүүлэх бус харин сурган хүмүүлэх, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн болон  үйлдсэн хэргийн хор уршгийн ойлгуулах  бодлого баримтлах юм. Мөн энэ шүүх нь гэмт хэргийн хохирогч  болсон насанд хүрээгүй хүмүүсийг нийгэмд эргээд байр сууриа олох, сэтгэл зүйн  хэвийн  байдалдаа ороход нь туслах төдийгүй насанд хүрээгүй  этгээдийн эрх ашгийг зөрчсөн  насанд хүрсэн  этгээдийн хэрэг, насанд хүрээгүй этгээдийг гэрчээр байцаах  шаардлагатай хэргийг ч хэлэлцэх бололцоотой байдаг.
Төлөвшлийн зурвас үедээ явж байгаа манай улсын хувьд насанд хүрээгүйчүүдийн шүүхийг бүсчилсэн хэлбэрээр  байгуулах боломж байнав Статистик мэдээнээс харвал  шүүхээр  жилд 386-547 насанд хүрээгүй  этгээд ял шийтгүүлж  байгаа төдийгүй  гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд , сана  сэтгэл, бие эрхтэн , эд хөрөнгийн  талаар  хохирол  хүлээсэн  хүүхдийн тоо өссөөр байгаа нь  хүүхэдтэй  холбоотой хэргийг  дагнан  шийдвэрлэдэг  шүүх, шүүгчийг бий  болгох  асуудал  хойшлуулалшгүй  чухал  гэдгийг  харуулж  байна.
2.3 Эвлэрлийн шүүх
Монгол улсын  хуулинд  зааснаар  Шүүхийн үндсэн  тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх , сум буюу сум дундын , дүүргийн шүүхээс бүрдэнэ. Тэгвэл манай улсын шүүхийн тогтолцооны анхан  шатны нэгж болох сум, сум дундын дүүргийн шүүх  нийгэмд, ард иргэдэд хир хүрсэн  үйл  ажиллагааг явуулж байгааг эргэн харах цаг болжээ.
Хамрах  хүрээний хувьд авч үзвэл анхан шүүхийн харъяа нутаг  дэвсгэрийнхээ эрүү, иргэний хэргийг шийдвэрлэж байгаа боловч нөгөө талаасаа орон зай, газар зүйн хүчин зүйлийн нөллөөлийн  улмаас иргэдийн шүүхэд  хандан  эрхээ  хамгаалуулах боломж хязгаарлагдмал  байна.Энэ  бэрхшээлийг арилгах,  иргэдэд эрх зүйн үйлчлэлийг хүргэх арга замыг бусад ус орнуудад  хэрхэн  байгааг авч үзвэл :
-Израйль улсад  иргэний  болон гэр бүлийн хэрэг, хорих ялын  хэмжээ нь 7 жилээс дээшгүй эрүүгийн хэрэг шийдвэрлэдэг Эвлэрлийн  шүүх,
Турк улсад баривчлах , 1 жил хүртэл хорих шийтгэл оногдуулах  эрүүгийн хэрэг, бага хэмжээний үнийн дүнтэй  иргэний нэхэмжлэлийг  шийдвэрлэдэг засаг  захиргааны  нэгжийн  тойрог бүрт байдаг эвлэрлийн шүүх,
-    Энэтхэг улсад эрүү ба иргэний жижиг хэргийг шийдвэрлэдэг тосгон бүрт  байх  панчиятын  шүүх захиргааны  төвүүдэд  байх 1000-5000 рүпитэй тэнцэх хэмжээний нэхэмжлэлийн шаардлагатай иргэний  хэргийг хэргийг шийдвэрлэдэг Мунсифын шүүх,
-    Австри  улсад засаг захиргааны  анхан шатны  нэгж бүрт  Хэсгийн шүүх, харин ялимгүй хэргийн трибунал,
-    Швейцарь, Испани,Ирланд,Итали, люксембург зэрэг  улсад эрүүгийн  хөнгөн гэмт хэрэг, бага үнийн дүнтэй  иргэний  нэхэмжлэлийг шийдвэрлэдэг Эвлэрлийн  шүүх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг байна.
3. төлөв.
Хэдийгээр  дагнасан шүүхүүдийг байгуулах, эвлэрлийн  шүүх бий болгоход эдийн засгийн засаг, санхүүгийн бэрхшээл  хаалт болж болох ч нийгмийн шаардлага, орчин үеийн  эрх зүйн хөгжлийн чиг хандлагаас холдох аргагүй байна. Эрх зүйн  шинэчлэлийн хүрээнд Захиргааны хэргийг  дагнасан шүүхийн бүх аймагт байгуулсантай  адил биш юмаа гэхэд  бүсчилсэн байдлаар Гэр бүлийн , Насанд  хүрээгүйчүүдийн шүүхүүдийг байгуулж, Эвлэрлийн шүүх  байгуулах  эхний  алхамуудыг хийх цаг хугацаа болсон, үүнийг хүлээн авах нийгмийн орчин , иргэдийн эрх зүйн соёл төлөвшөөд байна.Шүүхийг дагнасан байдлаар байгуулан, боловсонгуй  болгохын  хирээр хууль үйлчлэх, хэрэгжих хурд  нэмэгдэж, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн  хуулийн зарчим сонгодог утгаараа хэрэгжих,шүүхэд хандах иргэдийг эрх хангагдах болно.

 

Шүүгч Л.Дарьсүрэн
Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч-миний нүдээр

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шинэтгэл хийх хэрэгтэй, шүүхийг ил тод болгоё, хараат бус шүүхээ хөгжүүлье гэж сүүлийн жилүүдэд дээр дооргүй их ярьлаа. Ихийг ч өөрчилж, хийж чадаж байна. Гэвч эх нь булингартай бол адаг нь булингартайн жишээгээр хүнлэг энэрэнгүй харилцааны соёлыг эхээсээ адаг хүртлээ тариалж, соёолуулахгүйгээр их шинэтгэлийг хэрэгжүүлнэ гэдэг голын усны булингарын эх хэсэгт нь арилгах төдий гэсэн өөрийн бодлоо хуваалцахыг хүслээ.
Балмагдаж, цухалдаж, сандарсан иргэд эрх зүйн наад захын мэдлэг, мэдээлэлгүй байдагтай та бүхэн санал нийлэх биз ээ. Хэн нэгнээс аврал, тусламж хайсан харц ядруухан хэсгийнх нь харц, арга чарга олох гэсэн чадуухан хэсгийнх нь оролдлоготой бид өдөр бүхэн л тулгарч байдаг.
Эрхээ хамгаалахын тулд яах ёстойгоо, ямар эрх зүйн үйлдэл хийхээ, хэнээс тусламж зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа тэдэнд өмгөөлөн туслах үүрэг бүхий өмгөөлөх байгууллага маань тэр бүр хүрч үйлчилж, сэтгэлд хүрсэн туслалцааг үзүүлж чадахгүй байна. Гэтэл эдгээр хүмүүстэй бид хүн ёсны үүднээс хүнлэг эелдэг байдлаар тэр бүр харьцдаг билүү. Эргээд нэг бодоцгооё.
Хурал олонтой, хүндхэн хэрэг шийдсэн, өдөр эелдэг харьцах нь байтугай, инээх тэнхэлгүй ядрах үе бидэнд бий. Хэрэгт холбогдсон хүүгийнхээ талаар шүүгчтэй уулзахаар холоос ирсэн гандсан дээлтэй настай өвөө үүнд буруутай гэж үү. Онгорхой хаалгаар бултагнаж, шүүгчийг царайчилсан өвгөнийг “хүлээж бай” гэж зандрахаа болъё, хэдэн төгрөгөө бусдад залилуулчихаад “алдсан хүний арван тамыг” эдэлж яваа хүүхдээ хөтөлсөн ядарсан эмэгтэйн цагийг барж “маргааш ир” гэж хэлэхээ болъё.
“Сайн байна уу та, ямар хэргээр явна” гэх энэ зургаахан үгийг хэлэхэд тийм хэцүү биш шүү дээ. Энэ хэдхэн үгийг хэлээгүйгээс өнөөдөр “шүүгч нар биеэ тоосон, хүн загнадаг, хүнд сурталтай” гэх шүүмжлэлийг өдөр бүр сонсож байгаагаа анхаарч харилцаанаас үүдэлтэй зөрчлийг гаргахгүй, сэтгэлгээ хандлагаа өөрчилж шинэтгэлийг түргэтгэхэд шүүгч бүр хүчин зүтгэвэл Монголын шүүхийн мэлмий тунгалаг, шийдвэр мэргэн, хүнлэг байж чаднаа.
Шүүгч бидний эрхэмлэвэл зохих үнэт зүйлс бол яахын аргагүй эелдэг зан, хүлээцтэй чанар, тэсвэр тэвчээр, өөрийгөө шинэчлэх явдал ба үүнийг хэрэгжүүлж чадсанаар шүүхийн шинэчлэлд хувь нэмрээ оруулах юм гэдгийг уриалж байна.
Эцэст нь эрх нь зөрчигдөж, хэн нэгэнд гомдон, эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа хэн бүхэнд шүүгч бид айлгахгүй, алагчлахгүй, сайхан сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй хандсанаар шүүхэд итгэх олон нийтийн итгэл, найдварыг хадгалах Монголын шүүхийн шүүгч, ажилтнуудын шударга ёсны тунхагийн нэг зорилт биелэгдэх юм. Хүнийг тоож, хөдөлмөрийг эрхэмлэж явбал хүмүүжлийн дээд нь тэр юм гэх нэгэн эрдэмтний хэлсэн сайхан үгээр төгсгөе.

 
BizNetwork 

танилууддаа түгээх
Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.