BizNetwork 

танилууддаа түгээх
Гэмт хэрэг гэж юу вэ? PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 21
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 25, Ням гариг, 10:11

Гэмт хэрэг гэж юу вэ?

 

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ.

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

Жишээ нь: Чимэг Галтын аягатай цайнд нойрны эм хийж, уулган унтуулж, түрийвчтэй мөнгийг нь хулгайлжээ.

Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ёстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно.

Жишээ нь: манаач Даш ажлын байрандаа унтсаны улмаас хүний машины дугуйг хулгайд алджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгдэнэ.

Гэм буруутай байх нь гэмт хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдоггүй. Монгол Улсын Үндсэн хуульд “.. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад учирч болох хор аюулыг урьдчилан мэдсэн боловч:

• уг хор аюулыг учруулахыг хүсч гэмт хэрэг үйлдсэн бол шууд санаатай үйлдсэн гэж;
• уг хор аюулыг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол шууд бус санаатай үйлдсэн гэж тус тус үзнэ.

Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь бусдад хор аюул учруулахыг мэдсэн боловч учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсвэл хор аюул учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсанаас болсон байдаг.

Гэмт хэргийн ангилал

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд оногдуулж болох ялын хэмжээнээс хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд  гэж   ангилна. Хөнгөн, хүндэвтэр  гэмт  хэрэгт  хэрэг  бүртгэгч;  хүнд,  онц  хүнд  гэмт  хэрэгт мөрдөн  байцаагч мөрдөн байцаалт явуулж, хэргийг шалгаж дуусгах үүрэг хүлээдэг.

Эрүүгийн хууль нь  ерөнхий ба тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын үндэслэл, хэмжээ, ял хэрэглэх, ялаас чөлөөлөх журам, нийтлэг  зарчим,  ойлголтыг  тодорхойлдог.  Тусгай  ангид  тодорхой  төрлийн  гэмт хэргийн шинж, түүнд тогтоосон ялын  хэм хэмжээг тодорхойлдог.

Торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтооно.

хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс  гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй.

хүндэвтэр гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод  хэмжээг  51-250  дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.

хүнд  гэмт  хэрэг. Эрүүгийн  хуулийн  тусгай  ангид  нэг  сарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.

Онц хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид  10 жилээс дээш 15 жил
хүртэл  хугацаагаар хорих, онцгой тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах  ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.

Гэмт хэрэгт хамтран оролцогчид

Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг  хамтран
оролцох гэнэ.

Гэмт  хэрэг  хамтран  үйлдэх  нь  тухайн  гэмт  хэргийг  адил  нөхцөлд  нэг  хүн үйлдсэнтэй харьцуулахад нийгэмд учрах хор аюулын хэмжээ нь  их байдаг. Хамтран оролцогчдын хүчин чармайлтаар хохирогчийн эсэргүүцлийг амар хялбар дарж няцаах ба хамтран үйлдэхэд гэмт хэргийн ул мөрийг амар хялбар баллана. Иймээс ч Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн  зүйлд  гэмт  хэрэг  хамтран  үйлдсэнийг    ял  оногдуулахдаа хүндрүүлэх  нөхцөл  болгон үзэхээр заасан.

Эрүүгийн  хуулийн  35  дугаар  зүйлд  зааснаар  гэмт  хэрэг  үйлдүүлэхээр  бусдыг хөлсөлж авсан этгээдийг захиалагч, гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан этгээдийг зохион байгуулагч, ятгах, заналхийлэх  болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ.

Гэмт хэрэг  гардан  гүйцэтгэсэн  этгээдийг  гүйцэтгэгч,  зааж  зөвлөх,  зэвсэг,  хэрэгсэл  өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,  түүнчлэн  гэмт  хэрэг  үйлдсэн  этгээд  болон  гэмт  хэрэг  үйлдэхэд  хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ.
Шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тогтооно.

 

Бусдын мал сүргийг хууль бусаар нууцаар авахыг мал хулгайлах гэмт хэрэг гэнэ.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэнэ.


гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр


Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэртэй байна.

Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ. Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар  урьдчилан  үгсэж  тохиролцсон  хоёр  буюу  түүнээс  дээш  этгээдийг  урьдчилан үгсэж  тохиролцсон бүлэг гэнэ.

Гэмт  хэрэг  үйлдэхийн  тулд  урьдчилан  нэгдсэн,  тогтвортой  бүлгийг  зохион байгуулалттай    бүлэг  гэнэ.  Гэмт  хэрэг  үйлдэж  ашиг  олох  зорилготой,  бүтэц  зохион байгуулалт бүхий этгээдүүдийн нэгдлийг  гэмт бүлэглэл гэнэ.

Зохион  байгуулалттай  бүлэг,  гэмт  бүлэглэлд  хүлээлгэх  эрүүгийн  хариуцлагыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангид  заасан  тодорхой  төрлийн  гэмт  хэргийн  хүндрүүлэх бүрэлдхүүний шинж болгон тогтоож, ялын бодлогыг чангатгасан.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ -ийн  145.2-т  энэ  хэргийг  бүлэглэж  үйлдвэл  хамгийн  хүнд  ял  нь  2-5  жил  хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 145.3-т энэ хэргийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг үйлдсэн бол хамгийн хүнд ял нь 5-аас дээш 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 145.4-т энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг,  гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

гэмт хэрэгт хамаарагсад


Гэмт хэргийн хамаарагсад нь  гэмт хэргийн хамтран оролцогчид биш бөгөөд урьдчилан амлалгүйгээр  гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу  гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон гэмт хэрэг үйлдсэнийг мэдэж байж мэдээлээгүй гэмт үйлдэл, эс үйлдэл хийсэн хүнийг  хэлнэ.
Нуун  далдлагч,  үл  мэдээлэгчийг  гэмт  хэрэгт  хамаарагсад  гэнэ.  Гэмт  хэрэг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан  амлахгүйгээр  санаатай  нуух  зэргээр  гэмт  хэргийн  ул мөрийг  арилгасан этгээдийг нуун далдлагч гэнэ. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 25, Ням гариг, 11:00
 
BizNetwork 

танилууддаа түгээх